Ням
Sep
24
Мэргэжил нэгт андууддаа хандах минь Гэрэл зургийг Т.Өсөхбаатар


0:00   80%

Мэргэжил нэгт андууддаа хандах минь

      Монгол оронд гэрэл зурaг  үүсэн хөгжөөд даруй 70 гаруй жил болсон хэдий ч гэрэл зурагчид бид уран бүтээлээ нийтэд чөлөөтэй танилцуулах нэгдсэн индэргүй явж иржээ. Хэдийгээр олонхи маань аль нэг хэвлэл, мэдээллийн байгууллагын хаяа түшдэг ч гэрэл зургийн сэтгүүлчийн сэтгэл зүрх , зүтгэл хөдөлмөрөө шингээн байж хийсэн бүтээл тухайн хэвлэлийн зай талбай, гэрэл зургийг ойшоож үздэггүй хандлага, хэвлэлийн эрхлэгчийн хувийн үзэмж, хэвлэлийн технологи зэргээс шалтгаалан тэр бүр бүрэн эхээрээ олны хүртээл болж чадахгүй явж ирсэн юм. Гэрэл зургийг аливаа юмны хавсарга, чимэглэл төдийхнөөр төсөөлдөг, гэрэл зургийн сэтгүүлчдийг зүгээр л нэг техникийн ажилтан мэт үздэг нь хаа ч хэвээр байна. Сонин сэтгүүлийн эрхлэгчид мэдээллийн нэг сайн гэрэл зургийн оронд зар реклам тавихыг илүүтэй үздэг болсноор зай талбайд шахагдсан,  хүнд  өгөөж болохооргүй, чүдэнзний хайрцган чинээ гэрэл зураг олширч чимэглэл төдий хэлбэр лүүгээ улам бүр хэлтийх болсон билээ. Нэлээд асуудал болж байж хэдэн зураг нийтлэгдэхээр болбол зургийн мэдрэмжгүй хэн нэгэн буюу эсвэл сонины нарийн бичгийн дарга, дугаар эрхлэгчийн сонголтоор харин ч гэрэл зургийн сэтгүүлчийн барагтайхан гэж үзсэн зургийг сонгоод нийтлэх нь ч энүүхэнд.

      Энэ гажуудлыг засах, үүнээс гарах гарц хайж 90-ээд оны дундуур талийгч журмын нөхөр Ц.Батзориг болон бидний хэсэг нөхөд санаа ниийлэн “Гэрэл Сүүдэр” сэтгүүлийг эрхлэн гаргаж билээ. Гэвч мөнгөний инфляц дээд цэгтээ хүрч, өдрийн талхныхаа мөнгийг яая гэж байсан хүмүүс бидний сэтгүүлийг худалдаж авна гэдэг тухайн үедээ үнэхээр гэнэн мөрөөдөл байлаа. Гэхдээ бид итгэж байсан юм. Учир нь бидэнд өөрсдийн бүтээлийг олон түмэнд хүргэх өчүүхэн ч атугай зэвсэг байх юм бол бид юу хийж чадахаа үзүүлнэ хэмээн мэргэжлээрээ бахархдаг бидэн хэд бяцхан омогшиж байсан үе билээ. Бидний нийтлэлийн талбар маань тэр үед ердөө л Төв Шуудангийн өмнөх шилэн нүүртэй жижиг модон самбар байлаа. Тэр самбар дээр бид татсан зургуудаа байрлуулж улс оронд болж байгаа үйл явдлын мэдээллийг маш шуурхай ямар нэг зай талбайд хязгаарлагдахгүйгээр гэрэл зургийн хэлээр чадах чинээгээрээ хүргэж байсансан. Далан зургаан хоног хуралдаж Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын сүүлчийн Чуулганы хуралдааны өдрүүд, Баянхонгор аймагт болсон их зуд, Марз ууланд осолдсон онгоцны сүйрэл зэрэг олон үйл явдлыг халуун цэгээс нь олон түмний сэтгэл зүрхэнд хоногштол гэрэл зургийн хэл, өгүүлэмжээр хүргэж байсан юм! Самбарын зураг хэзээ солигдохыг хүмүүс хүсэн хүлээдэг ч болсон байлаа. Учир нь тэр үед хэвлэлийн технологиос шалтгаалан манай бараг бүх сонин зураггүй гарч байв. Энэ бүхнийг нуршихын учир нь гэвэл хэрэв бидэнд уран бүтээлийн өөрийн индэр, эв нэгдэл байвал бид юунд хүрч чадах вэ гэдгийг бодож үзээсэй гэж та нартаа хэлэх гэсэн юм.

         Орчин үеийн техник технологийн дэвшил хөгжил бидний мөрөөдлийг бодит зүйл болгох нөхцөл бололцоог бидэнд олгож байна. Гэвч энэ боломжийг ашиглалгүй жалгын нэг тарсан чавганц лугаа адил дор бүрдээ довоо шарлуулан суугааг үл тэвчихийн учир миний бие гэрэл зурагчдаа өөрсдийн бүтээл туурвилаа дэлгэн үзүүлдэг ЧӨЛӨӨТ ИНДЭР болсон – ОНЛАЙН СЭТГҮҮЛ-тэй болгохоор зориг шулуудаж байна. Гагцхүү энэхүү санаачилгыг угтан авч дэмжсэн сэтгэл, та бүхний идэвхтэй оролцоо ус агаар мэт хэрэгтэй учраас мэргэжил нэгт нөхөд та бүхэндээ ийнхүү хандаж байна.

          Бид  ОНЛАЙН СЭТГҮҮЛ-тэй болсноор:  

  • Ямар нэг орон зай талбайд хязгаарлагдахгүйгээр бид өөрсдийн уран бүтээлийг чөлөөтэй нийтлэх   
  • Нийтлэгдсэн зургийг дэлхийн аль ч өнцгөөс үзэх боломжоор хангагдах
  • Бие биенийхээ бүтээлтэй танилцах, харьцуулах , улмаар өөрсдийгөө уран бүтээл, ур чадварын хувьд хаахна яваагаа мэдэх 
  • Үүний дүнд бид алдаагаа цэгнэж, улмаар бидний мэргэжлийн ур чадвар дээшлэх
  • Харилцан мэдээлэл солилцож, шинэ сэргэг мэдээллээс хоцрохгүй байх 
  • Өөрсдийнхөө бүтээлийг сурталчлах, бизнес уран бүтээлдээ шинэ гарц нээх боломжтой болно.

      Гагцхүү үүнийг биелүүлэхэд та бидний идэвхтэй нягт хамтын ажиллагаа юу юунаас чухал байна. Та бүхнээс ганцхан л зүйлийг хүсэж байна.

       -Та Монголд оронд өдөр тутам болж байгаа үйл явдал, хүмүүсийн амьдралыг өгүүлсэн   янз бүрийн сэдэвтэй зургуудыг аль ч төрлөөр туурвин тогтмол илгээж байна уу.  

      Ердөө л энэ!

          Тэдгээрийг хүлээн аваад нэгтгэн редакторлож ОНЛАЙН СЭТГҮҮЛ-д цаг тухайд нь нийтлэхэд цаг заваа зарцуулах болон бусад технологи ажиллагааг явуулах нөхцөл боломж өөрт минь байна. Дээр нь хөдөө орон нутагт суугаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сурвалжлагч нар, орон нутгийн хэвлэлийнхэн, дэлхийгээр тархан суурьшсан монголчууд  бидэн дээр нэгдвэл маш өргөн цар хүрээг хамарсан гэрэл зургийн нийтлэл-мэдээллийн маш олон талтай сэтгүүл болох боломж байна. Нэг хүн долоо хоногт дор хаяж нэг зураг илгээгээд байхад л сэтгүүл маань хангалттай баяжиж шинэчлэгдээд байх юм. Өдөр тутмын сонинд ажилладаг гэрэл зургийн сэтгүүлчдийн хувьд бүр л амар байх болно. Тухайн өдөрт авсан зурагнаасаа хэдэн зураг шилээд илгээхэд л хангалттай. Цуврал  зураг, гэрэл зургийн сурвалжлага, гэрэл зургийн эссэ  байвал мэдээллийг бүрэн дүүрэн өгөх тул бүр ч таатай байх болно. Бүгдийг л нийтэлнэ. Учир нь энд ямар нэг зай талбайн хязгаарлалт үгүй. Ингэж чадвал бид ямар ч радио, телевиз, сониныг мэдээллийн хурдын хувьд  дагуулахааргүй болно. Энэ хэрээр бидний мэргэжлийн нэр хүнд өсөх болно.Тэр хэрээр хүмүүс уншигчид биднийг илүү сайн мэддэг болно. Энэ санал та бүхэнд таалагдаж ч болно. Үгүй ч байж болно. Аль ч тохиолдолд болон нэмэрлэх санаагаа usukh@yahoo.com  хаягаар  бичин ирүүлж надтай санал солилцохыг хүсч байна.

      Эцэст нь хэлэхэд бид нэгдэж чадвал хүчтэй байх болно.  МОНГОЛЫН БҮХ ГЭРЭЛ ЗУРАГЧИД НЭГДЭГТҮН !

 

                                                                 Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон Т. Өсөхбаатар

(АНУ-ын Нью Йорк мужийн Aлбани хот

Жич: Сэтгүүлийн тухай болон мөрдөх журмыг " Хэрэглэх болзол  Зохиогчийн эрх" хэгээс дэлгэрүүлэн үзнэ үү.



2008 оны 04-р сарын 15