Ням
Sep
24
Өвлийн наадмыг сонирхсон минь. Гэрэл зургийг Т.Өсөхбаатар


0:00   80%

Өвлийн наадмыг сонирхсон минь.           

                   Галшар нутаг цасанд дарагджээ. Эргэн тойрон цав цагаан. Гадаа тасгим хүйтэн. Өдөртөө -20 , шөнөдөө -27  хэмээс үл бууна.
            Хот айлын гадаа олон морьд багширч хүмүүс хөлхөнө.  Энд тэндгүй л сар шинийн золголт болж билэг дэмбэрэлтэй үгс солилцоно.  Даага далантай, бяруу булчинтай онд мэнд тарган тавтай оров уу, тавлаг сайхан уу гэхчилэн хөврөн урсах мэндчилгээний  үгс нэн яруу сонсголонтой. Цагаан сарын шинэ хуучраагүй  тул  хүн бүр л гоё хувцас , сайн морь,сайхан эмээл хазаараар гангарсан байх юм.  Гоё ганган хөөрөг гаансаар тамхилж хөрөнгө  бэлтэй нэг нь “ нүнжигтэйгээ” харуулах боломжийг ч үл алдана.   Энэ бол хөдөөгийнхний хувьд жилдээ ганц тохиох өвлийн морин уралдааны өмнөх  өдрийн дүр төрх.  Маргааш морьд уралдана.                                                                                                                                                                                        Энд тэндээс хөтөлгөө морьтнууд уван цуван ирсээр...Үдэш болж одод түгэхэд морины хүүхдүүд хот айлын гурван гэрт чүү ай багтаж, томчууд хэсэг газрын цасыг малтаж цэвэрлээд майхан босгож,  зарим нь дах нөмрөн гадаа унтацгаав.  Миний хувьд өвлийн морин уралдааныг анх удаагаа үзэж байгаа тул бүх зүйлс сонин байв.  Өглөө эртлэн босч морины уяагаар явж  сонирхлоо. Уяачид энд тэндгүй задгай гал түлж  ул боов, чанасан мах, бууз халуун цайнд дэвтээн цайлна.  Шөнө дөлөөр оройтож ирсэн нэг нь задгай газар дахан доор дүнгэнэтэл хурхирна. Хүмүүс хэд гурваараа  морьны уяа тойрч, ирсэн морьдыг шинжинэ.  Энэ л гайгүй давхих болов уу, түрүүлэхээ байг гэхэд эхний аравт ч гарцаагүй гэж урт цагаан сахалтай өвгөн  хээр азаргыг  заан өгүүлнэ.  Өвлийн уралдаан эцэг малд  муу эсэх талаар талцан маргана. Азарганы төмсөг хөлдөж хайрагдахвий  л  гэж ярихаас бус дээр нь дарцаглах нимгэн хувцастай  балчир хүүхдийн тухай үл дурсах нь гайхалтай. Харин мэдээллээр цангасан хөдөөгийнхөнд нэг доор  цуглаж мэндээ мэдэлцэж,  мэдээлэл солилцох  боломжийг олгодог юм билээ. Хамгийн хурд хүчтэй морьдоо сонгож олон хоногоор сойно. Бараг л “хагас галзуу” болсон адгуусаа балчир хүүхдээр  унуулаад өвлийн хүйтэнд шоудана гэдэг гадны хүний байтугай хотын бидний сэтгэлд нэг л бууж өгөхгүй байв.  Зүрх нь хөөрсөн адууны ам  дийлдэхгүй хадуурч  давхих  энүүхэнд. 

          Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дундговь,  Дорноговиос  азарга  их нас, нийлээд 300 гаруй адуу уралдахаар бүртгүүлжээ. Төдөлгүй хот айлын гадаа морьтой, машин, мотоциклтой  наадамчид цуглаж наадам эхэллээ.  Морьд гарааны зурхайгаас бөөндөө эргэхэд хоёрын зэрэг хүүхэд морьноосоо ойчив. Морь дагасан нэг нөхөр унасан хүүхдийн толгойг хэд сэгсэрчихээд машиндаа суулгаж харагдав. Тархи нь хөдөлсөн байж магад, тийм үед энэ нь тустай арга гэнэ. Төсөөлөхөд ч бэрхтэй  л юм билээ.  Хүүхдийн аз түшиж энэ өдөр хэдэн хүүхдийн хацар, хуруу хөлдөж хайрагдсанаас  өөр ямар нэг осол болсонгүй. Түрүүлсэн морины эздийг мотоциклоор байлж айргийн морьдыг хивс халуун сав тэргүүтнээр шагнав.  Хэдийгээр авч буй бай шагнал нь  шальтай биш ч авч буй сэтгэлийн таашаал ньтүүнээс хэдэн арав дахин их байлаа.  Ямартай ч дараагийн наадам хүртэл ярих юмтай, хуучлах сонинтой болоод буцацгаав. Орой хэрд сэтгэл нь хөөрч архинд халамцсан хэсэг залуус  цагдаа нарт шилбүүрдүүлэн  ташуурдалцсаар үдшийн бүрэнхийд замхран одов...

 

                                                                                                                                                   Xэнтий, Галшар сум, 2001он.

             

 



2008 оны 04-р сарын 23