Ням
Sep
24
“Дайны цагийн хуулиар ажиллаж сурцгааж дээ, сэтгүүлчид минь” Гэрэл зургийг Д.Tүвшинбаяр


0:00   80%

7 сарын 1. Дэлхийгээр тархан суурьшсан монголчууд эх орондоо болж буй үйл явдлыг сэтгэл шимшрэн ширтэж байлаа. Гэвч компютерийн дэлгэцийн цаанаас тэд маань юуг  эс хийж чадах билээ.Энэ үеэр манай сэтгүүлд  дэлхийн 32 орноос зочлогсодын тоо 70000 хол гараад явчив...

            6 сарын 29 буюу сонгуулийн санал хураах өдөр манай сурвалжлагч Б.Бямба-Очир, В.Баттулга нар маань шууд сурвалжлагаа ирүүллээ. -Өнөө шөнө сонгуулийн санал тоолох явцын тухай сурвалжлага хийж намуудын байраар орсоор шөнийг барах байх. Дараагийн зургаа боломж олдмогц явуулнаа хэмээн мессенжерт бичээд Бямбаа маань одов. Гэтэл хэдхэн цагийн дараа түүнийг дээрхи самууны үеэр ажлаа хийж яваад халдлагад өртөж хүнд гэмтэл авсан тухай харамсалтай мэдээ сонсдов. Аюул амь наснаас нь холуур өнгөрч эрүүл саруул хөл дээрээ босоосой гэж сэтгэл түгшинэ. Харин Баттулгаас хэл чимээ алга. Мөн л элдвийн юм бодогдсоор. Гэтэл Баттулга хэрхсэн талаар сураг гарч сэтгэл жаахан онгойв. Тэрбээр  Хуьсгалт намын байрны гадна өрнөж байгаа үйл явдлын талаар нилээд хожуу сонсжээ. Мань хүнийг явж очиход энд тэнд гал дүрэлзэн утаа савсаж, жагсагчид болон цагдаа нар эрэгчин эмэгчинээ үзэж байж. Гэтэл СТӨ-ий 2-р давхарт байрлах манай хүний ажлын өрөөнөөс утаа савсаж байна гэнэ. Гүйсээр өрөөндөө ортол түүний өрөөг аль хэдийн түйвээж тонохыг нь тонож хамаг юмыг нь шалаар нэг цацаж галдсан байж. Амжиж сэйфнээсээ цүнхтэй камераа авч цонхоор үсэрчээ. Газардахдаа хөлөө гэмтээсэн байна. Одоо түүний бүх юм үнс болж, холбоо тасарсны учиг тайлагдав.

            Дээрхи үйл явдал бидэнд маш том сургамж өглөө. Манай сэтгүүлчид анх удаагаа ийм халуун цэг дээр ажиллаа. Бид бэлэн биш байжээ. Иймд мэргэжил нэгт нөхөддөө гарын авлага болгох үүднээс сэтгүүлзүйн багш, судлаач А.Оюунгэрэлийн бичсэн “Дайны цагийн хуулиар ажиллаж сурцгааж дээ, сэтгүүлчид минь” нийтлэлээс хэсэглэн тавилаа. Дэлгэрэнгүйгээр нь http://www.mongolianjournalism.blogspot.com/ линкээр орж үзээрэй. Мөн сэтгүүлч судлаач Д. Цэрэнжавын блогруу  http://ajiglagch.wordpress.com/ хаягаар орж үзэхэд илүүдэхгүй гэж зөвлөх байна. Та бүхэнд сонирхолтой, мэдүүштэй байх болно.

 

“Дайны цагийн хуулиар ажиллаж сурцгааж дээ, сэтгүүлчид минь”

            Улс оронд маань онцгой байдалд тогтсон энэ үе дайны цагийг санагдуулж байна. Нэгээс бусад телевизийн үйл ажиллагааг зогсооно гэдэг ямар том цензур вэ? Дайн бол мөргөлдөөн. Эсэргүүцлийн жагсаал ч мөргөлдөөн. Мөргөлдөөн бол зөрчлийн дээд хэлбэр. Монголд зөрчил ингэж дээд цэгтээ хүрчээ. Ийм зөрчлийг сурвалжлахад манай сэтгүүлчид бэлэн үү? Ингээд сэтгүүлчдэдээ 2007 онд бичиж "Сэтгүүлч" сэтгүүлд нийтлүүлсэн материалаа сонирхуулъя.
А.Оюунгэрэл
 

Дайны бүс нутагт ажиллах сэтгүүлчдэд өгөх зөвлөмж

  • Явахын өмнө
  • Маш их дарамт шахалттай орчинд ажиллах туршлагыг олж ав
  • Тэгвэл орчин нөхцөлөө ойлгож тааварлах зөн совингоо хөгжүүлж, тухай бүрт нь тохируулан зөв шийдвэр гаргаж сурна.
  • Мөргөлдөөний бүсийг зүглэхээ түр азна
  • Өөрөөр хэлбэл хамгийн аюултай үед нь анхны хүн болж бүү оч. Ялангуяа байлдаан болох газар бол эхний довтолгоо өнгөрсний дараа оч.
  • Сургалтанд хамрагд
  • Дайны бүсэд сэтгүүлчид зэвсэггүй явах учраас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын сургалтад суух хэрэгтэй.
  • Сансрын холбооны утас болон бусад техник хэрэгслээ найдвартай байлга
  • Элдэв хяналтгүйгээр материалаа хурдан явуулахад эдгээр хэрэгсэл тань тусална.
  • Даатгалд хамрагд
  • Даатгал үнэтэй ч хамгийн чухал зүйл.
  • Очсон хойноо
  • Маш болгоомжтой бай. Мэдрэмжээ ашигла.
  • Буцаж ирэх тань таны гол зорилго. Таны үнэтэй мэдээ гэж байхгүй. Тиймээс зөв шийдвэр гарга.
  • Туслагчдаа сайтар таньж мэд
  • Гадаад оронд сэтгүүлчид орчуулагч, жолооч зэрэг бусад туслагч нартаа найддаг. Тэд нар нь эх сурвалжтай холбож, ярилцлагын цагийг болзож, ахуй соёлын талаар ойлгуулж өгдөг. Туслагч нарыг олж авахдаа бусад сэтгүүлчдээс зөвлөгөө авч, өөрөө тэдний талаар бичих гэж буй мэт сайтар судал.
  • Үйл явдлын цэгт хүрч бай
  • Сэтгүүлчдийн гол зорилго бол үйл явдлын газарт бүхнээс түрүүнд очиж зөв байрлал олж авах байдаг. Очих нь төвөгтэй байсан ч оролдоод үзэх хэрэгтэй.
  • Аялахдаа хэсэг бүлгээрээ явж бай
  • Дайны үеийн сурвалжлагч нар бие биенээ хамгаалах үүднээс хамт явцгаадаг.
  • Баримтаа шалгахын тулд бусад сурвалжлагчидтай баг болж ажилла
    Үйл явдлын газраас та нэг талын мэдээлэл олж авсан байгаа. Биеэрээ хүрч нөгөө талын баримтыг шалгах аргагүй тул нөгөө талд ажилласан сэтгүүлчидтэй ярилцаж, бас бүсийн товчоог удирддаг эрхлэгч нартайгаа зөвлө.
  • Засгийн газрын бус байгууллагуудтай ажилла
  • Олон улсын байгууллагууд, төвийг сахисан ажиглагчид нь сурвалжлагч редакторуудын хувьд мэдээллийн үнэлж баршгүй эх үүсвэр болдог.


2008 оны 07-р сарын 06