Ням
Sep
24
Дээлтэй Монгол Гэрэл зургийг В.Баттулга


0:00   80%

Дээлтэй Монгол

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Дээлтэй Монгол наадам” хөтөлбөр өнөөдөр  жанжин Сүхбаатарын төв тайлбайд амжилттай зохион байгуулагдаж байна. Гадаад, дотоодын олон зочид төлөөлөгчдөд Монгол үндэснийхээ хувцсыг танин мэдүүлж, бидний хойч үе болох үр хүүхдүүддээ Монгол ёс заншил, соёлын өв болсон үндэсний дээлээ өвлүүлэн үлдээх зорилготой тус хөтөлбөр яг одоо үндэсний шилдэг хувцсыг шалгаруулах номинацийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилж байна. Энэ жилийн хувьд хамрах хүрээ илт нэмэгдэж 2800 хүн “Дээлтэй Монгол наадам” хөтөлбөрт хамрагдаж байна. Тус хөтөлбөрт УДБЭТ-ын уран бүтээлчид, Үндэсний дуу бүжгийн “Түмэн их чуулга”, “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Хүүхэлдэйн театр”-ын уран бүтээлчид, Дугар багш тэргүүтэй Монгол Улсын Хүүхэд Асран Хүмүүжүүлэх төвийн 3-18 насны 300 хүүхэд, Монголын сурагчдын холбооны 330 сурагч, Монголын Хүүхдийн Ордон, Монгол ардын язгуур урлаг “Бие биелгээ” холбоо, Монголын хүүхдийн “S.O.S” байгууллага, Налайх дүүрэг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 12, 13, 15-р хорооны төлөөлөл, Баянгол дүүргийн Хөдөлмөр Халамжийн Хэлтэс, тус дүүргийн 11-р хорооны төлөөлөл, Баянзүрх дүүргийн төлөөлөл, Чингэлтэй дүүргийн төлөөлөл, Сонгино-Хайрхан дүүрийн төлөөлөл болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллөөс гадна эрүүл мэнд, боловсрол, урлаг, спортын олон төлөөллүүдээс өнөөдөр “Дээлтэй Монгол” хөтөлбөрт нэгдэн үндэснийхээ дэгжин хувцсаар гангарч алхаллаа. Монгол ард түмний зуу, зуун жилийн хэрэглээ болсон Монгол үндэсний дээл өнөөдөр хүн бүрийн харааг булааж, байгууллага хамт олон, хувь хүмүүс идэвхтэй оролцож байна. Одоо тус хөтөлбөр хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон дүүрэг, “Цацал” хамтлагийн Алтайн магтаал үзүүлбэр, “Үндэстэн, ястны хувцас”, “Хар сүлд”, “Шилмэл загвар” ордны загварын үзүүлбэрүүд, язгуур урлагийн “Дөрвөд бие биелгээ”, “21 дарь эх” гэсэн уран нугаралтын үзүүлбэрүүдээр үргэлжилнэ. Харин 16:30 цагт номинацийн шагнал гардуулах ёслол, нийтийн бүжгийн шилдэг хосыг шаргаруулах ёслол явагдаж эцэст нь хаалтын ажиллагаагаар “Дээлтэй Монгол” 2010 хөтөлбөр өндөрлөнө.

 



2010 оны 07-р сарын 16