Ням
Nov
19
Б.Ренчингийн хөрөг зургийн түүх Гэрэл зургийг MPN


0:00   80%

Б.Ренчингийн хөрөг зургийн түүх

 

“Эрт орой

Жанжин Сүхийн талбай тууш

Ринчен гуайн

Алхаж байх нь андашгүйсэн

Элбэг хүрэн дээлийнхээ

Ханцуй хормойг намируулан

Эрхэмсэг буурал үс

Соёо сахлаа хийсгэн явах нь бараатайсан”  гэж  төрийн шагналт зохиолч С.Дашдооров шүлэглэсэн байдаг. Сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа хэвлэгдэж, хүн бүхний танил болсон Ринчен гуайн энэ хөргийг фото сэтгүүлч Р.Гомбожав авчээ. Гэрэл зургийн нэрт мастер Р.Гомбожав агсантай би эртний танил. Аливаа хүнийг албан тушаал, зэрэг цол, алдар хүндээр нь ялгаварлан харьцахыг цээрлэдэг нийтэч зантай энэ эрхэмтэй нөхөрлөж явсандаа бахархдаг юм. Насны ялгааг умартан найзархаж явахдаа Монгол оронд гэрэл зураг үүсэж хөгжсөн  үүх түүхийн талаар мэргэн ахаасаа дуулж сонссон минь арвин. Гэр орноор нь орж гарч явахад томоор угаан жаазалж өлгөсөн энэ гэрэл зураг хойморт нь залран байдагсан. Нэгэн удаа хэрэг болгож асуулаа.

 

-Та Ринчен гуайн энэ зургийг хэдэн онд хаана авсан юм бэ?  

-1973 оны найман сард авсан зураг. Зохиолчдын хороон дээр нэг хурал ч билүү цуглаан ч билүү болоод тарж явах замд нь  гудамжинд дарсан юм. Би ер нь өвгөний зургийг олон удаа авсан даа. 1971 онд “Правда” сониноос гэрэл зургийн уралдаан зарлахад “Академич Б.Ринчен” зургаараа оролцож диплом хүртэл хүртэж байлаа шүү дээ. Өвгөн өөрөө “Йөншөөбүү овогт” гэж бичээрэй гэснийх нь дагуу тайлбараа тэгж бичсэн. Тэр дугаар нь надад бий. Би чамд үзүүлье гээд  1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Правда” сонины /№322/ “Фотоконкурс Правда-71”-буланд нийтлэгдсэн Ринчен гуай зураг үзүүлэв. Ринчен гуай гартаа тамхи барин ном уншиж суух агаад ард нь номын сан урдах ширээн дээр нь цаас байх ажээ.

 

-Өөр ямар ямар сонин хэвлэлд  Ринчен гуайн зургийг авч тавьж байв?

-“Монголын залуучууд”, “Новости Монголии”, “Утга зохиол урлаг” зэрэг бараг сонин болгонд авч тавьсандаа. Энэ бас байна гээд нэгэн сонин өгснийг үзвэл 1973 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонины №25 дугаарт  “БНМАУ-ын төрийн шагналт зохиолч, академич, доктор Б.Ринченгийн тухай гэрэл зургийн  найруулал”  гээд  гурван  гэрэл зураг тавьжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ:

 

“…Би өвгөнийхөөр олон  очсон. Авгайгаа та гэж дууддагсан. Намайг ч бас л та гэнэ. Сонин хүн шүү. Тэр их хүний үнэт цагаас нь мөн ч их хороосон доо. Орохоор бичгийн өрөөндөө урина. Авгайдаа Гомбожав гуайд цай гэнэ. Тэгээд цай өгч багвартай чихэр тавина. Тэнд нь үзэм, ёотон, өнгө өнгийн чихэр байдагсан. Би харин тэднийд хоол идэж үзээгүй. Нэг муу консул гэж бичгийн машинтай. Бид хоёр элдэв л юм ярьж байсан. Нэг удаа надад есөн үеийн тухай тайлбарлан өгч билээ. Та овгоо мэд гэж сургасан. Тэр тухай ярьж зурж үзүүлсэн ноорог нь надад бий гээд нэгэн цаас гаргаж үзүүлэв. “1974 оны 11 сарын 11-нд Ринчен багш есөн үеийн тухай ярьж зурсан ноорог” гэж түүн дээр бичжээ. Овоо яагаад тахидаг болсон юм бэ гэдэг чинь есөн үетэй холбоотой гэж надад хэлсэн. Овог болгоны тахидаг овоо гэж өөр өөр байсан. Тэгээд хүн овгоо мэдэхгүйгээс болж цус ойртож байна гэдгийг надад хэлж тайлбарласан.

 

…Нэг удаа хоёулаа хамтарч Гандангийн тухай өнгөт зурагтай ном бичээд Германд хэвлүүлье. Та шагналаа очоод авсан ч болно. Банкаар гуйвуулаад авсан ч болно гэсэн. Би дотроо дуртай л байсан. Зохиолч Ч.Чимид ахад хэлсэн чинь “Цаадах чинь Монголд байтугай дэлхийд нэртэй хүн. Хийж чадна. Элдэв юм тохиолдоход яах ч үгүй гарч дөнгөнө. Харин чамайг засаг төр элдвээр оролдвол чи яах юм бэ. Чи юу юм бэ? Хирээ мэд” гэж загнахаар нь нээрээ ч тийм юм уу гэж бодоод больсон. Одоо бодоход би хийдэг л байсан юм. Харамсаж явдаг даа, ах нь”   гэж билээ.  

 

Р.Гомбожав гуай бол ХХ зууны Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн хөргийг гэрэл зурагт мөнхөлсөн гавьяатай хүн. Тэрээр “Гэрэл зураг мөнх үлдэнэ. Амьдрал минь түүнд түүх болон үлдэнэ” гэж хэлдэг байсан. Өнөөдөр  тэрээр бидний дунд байхгүй ч гэлээ бүтээл туурвилаараа өөртөө хөшөө босгож чадсаны  баталгаа нь билгүүн номч Б.Ринчен гуайн дээрх гэрэл зураг ажээ.

 

www.inet.mn  веб сайтаас авч ашиглав.



2009 оны 03-р сарын 07