Ням
Nov
19
Артист хэмээх нэртэй Ардын хөвгүүн Шаравдоо Гэрэл зургийг MPN


0:00   80%

Артист хэмээх нэртэй

Ардын хөвгүүн  Шаравдоо

 

 

Өвгөд хөгшид настны үнэхээр хөөрхий байдлуудыг

Өргөн түмэн бидэнд өрөвдөж болмоор үзүүлдэг

Ард улсын театрыг  анх байгуулахаас эхэлж

Артист хэмээх нэртэй болсон ардын хөвгүүн Шаравдоо

Шар хар феодалуудын шалиг самуун байдлуудыг

Шавхаж бүрэн дууриаж чадаад шагшиж үзэхэд тавьж чадна хэмээн зохиолч С.Буяннэмэх 1933 онд “Уран сайхны шинэ хүчин” шүлэгтээ сайшаан бичсэн байдаг юм.  

Монголын орчин үеийн театрын урлагийг үндэслэгчдийн нэг  Ё.Шаравдоо  нь 1910 онд төржээ. Эцэг эх нь хүүгээ эрдэмтэй сайн лам болгохоор хийдэд суулгасан  ч түвд ном үзэхээс дургүйцсэн тэрээр байнга оргон зугтаж багш ламдаа зодуулдаг байсан гэдэг. Утга учирыг нь ухаж үл мэдэх түвд ном, багш ламын зодуураас залхаж тэвчээр нь барагдсан тэрээр хийдээс оргон зайлж, Богд хааны торгон цэргийн захирагч Чулуунаар монгол бичиг  заалгаж эхэлсэн ажээ. 11 насандаа ардын хувьсгалтай золгосон тэрээр анхны бага сургуульд орж суралцсан байна. 1923 оны намрын дунд сарын цасан шамрага тавьсан нэгэн өдөр Сүхбаатарын нэрэмжит клубын уран сайханд элсэхээр очсон түүний амьдралын зам энэ өдрөөс хойш монголын театрын урлагтай нягт холбогдсон түүхтэй.   

Арвангуравхан настайдаа театрын урлагтай амьдралаа холбосон тэрээр тухайн үед Жанжны нэрэмжит клуб, Нардомд гарч байсан “Сандоо амбан”, “Уушаандар”, “Тансан лам” зэрэг олон жүжигт оролцон тоглож байв. Ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдахад аж ахуй, санхүү, зохион байгуулалт, жүжигчид элсүүлэх зэрэг ажилд хүчин зүтгэж, монголын орчин үеийн театрын урлагийн тооныг нь тулж, унийг нь өлгөлцсөн анхдагчдын нэг билээ. 

Улсын төв театр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр зохиолч  С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтэээ хийхэд “Шар феодалын дүрд Шаравдоо тоглоно” хэмээн зарлуулж байсан түүх энэ хүний намтарт бичээстэй буй.  Мөн тус театр 1933 онд Москвагийн фестивальд оролцоход “Харанхуй засаг” жүжгийн гол дүр шашинд дургүй, сэргэлэн цовоо ядуу ламын дүрийг амжилттай бүтээж байсан тухай ч бас монголын театрын түүхэн товчоонд тэмдэглэсэн байдаг билээ.

Улсын худалдааны газарт нярав байсан Шороотын Цэвээн, нисэхийн цэрэг Цагааны Цэгмид, Их дэлгүүрийн худалдагч Доржийн Цэрэндулам, Санхүүгийн сургуульд сурч байсан Нямын Цэгмид, Дотоод яамны жолооч Гомбожавын Гомбосүрэн зэрэг олон хүний авьяасыг нээж, театрын урлагтай амьдралыг нь ойртуулж өгсөн ачтан бол чухамхүү Шаравдоо гуай байсан  юм.  

“Маргааш”, “Мопр” зэрэг жүжиг туурвиж, “Байцаагч түшмэл” жүжгийн Бобчинский, “Шарай голын гурван хаан” жүжгийн Шар гэрт хаан, “Сүрэг чоно” жүжгийн  чекист зэрэг олон дүрийг чадварлаг бүтээж, театрын тайзнаа цог хиймороо гайхуулж явсан Ё.Шаравдоо гуайн 1930 онд авахуулсан гэрэл зураг энэ ээ.

Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн  “артист”, Ё.Шаравдоо гуайн 79 жилийн өмнө авахуулсан энэ гэрэл зургийг харахад   тухайн цаг үеийн залуусын хувцасны хэв маяг, гангараа болсон “Опель” дугуй, гэрэл  зурагчдын арга барил зэрэг олон зүйлийн талаар  “уншиж” болно.

“Цогт тайж” киноны Майдар хутагт, “Түмний нэг” киноны морины панзчин, “Анхны алхам” киноны Жүгдэр галч, “Мартагдашгүй намар” киноны САА-н дарга зэрэг олон сайхан дүрээрээ дэлгэцийн урлагт өөрийгөө мөнхөлсөн  Монгол улсын гавьяат жүжигчин  Ё.Шаравдоо  гуайн мэндэлсний 100 жилийн ой ирэх жил тохионо гэдгийг энэ ташрамд дуулгахад таатай байна.

  

    Ч.Болд

 

 

www.inet.mn вэб сайтаас авч ашиглав.

 

 



2009 оны 03-р сарын 08