Ням
Sep
24
Мартаж болохгүй хүн Гэрэл зургийг MPN


0:00   80%

Мартаж болохгүй хүн

          Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны  намар Халхын Хүрээний бүх хэргийг  түр ерөнхийлөн захиран шийтгэх газар гэдгийг байгуулжээ. Уг газрын /Түр засгийн газар-Ч.Б/ даргаар Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон бөгөөд зуун жилийн тэртээх түүхийн манан будан дундаас биднийг ширтэж буй энэ гэрэл зураг түүнийх ажээ.  

 

Энэ ноёны нэр цагийн өнгөнд бүдгэрэн мартагдаж, андуу эндүүгийн ослоор төөрч будилж байсан нь саяхны хэрэг. Харин  эдийн засгийн ухааны доктор С.Баатар түүний намтар, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд гүйцэтгэсэн зүтгэл, гавьяа оролцоо зэргийг судлан,  2006 онд  “Тэргүүн сайд, түшээт чин ван Г.Чагдаржав” хэмээх ном бичиж хэвлүүлсэн байна.  Тэрбээр номоо бичих явцдаа ноёнтны хөргийг тодруулж тогтоохын тулд олон тооны гэрэл зураг харьцуулан судалсны зэрэгцээ шинжилгээнд оруулан мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

 

Тэргүүн сайд, түшээт чин ван Г.Чагдаржав гэж чухам хэн байв? 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын их үйлсэд энэ хүн ямар үүрэг гүйцэтгэв  гэсэн асуултад судлаач С.Баатар ийн хариулж байна.

-Чагдаржав нь 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны /одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сум/ засаг Түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төрсөн. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан засаг түшээ гүн /хошуу ноён/ болсон  тэрээр 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ.

 

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч  гол зургаан хүний нэг нь Чагдаржав байсан  тухай архивын баримт бий. Мөн  тэр эгзэгтэй  үед Богд хааны итгэлийг хүлээн, нэн ойр шадарлаж явсан хүн гэвэл Сайн ноён хан Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар байсан ч гэдэг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхаглан,  төрийн яамдыг байгуулахад Сангийн Хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар Чагдаржав томилогджээ.

 

Богд хаант Засгийн газрын анхны Сангийн сайд тэрээр 1913 онд Монгол Улсын зүүн өмнөд хязгаараар Хятадын хар цэрэг довтлоход өмнө хязгаар дахиныг илбэн тохинуулах сайдаар томилогдон тулалдаж явсан хүн. 1911 оны тэргүүлэх улс төрийн зүтгэлтнүүдээс харь дайсны эсрэг зэвсэг барин тэмцэж явснаараа Чагдаржав ноён ялгардаг юм.

 

Мөн тэрээр 1914 оны  9 дүгээр сард эхэлж, есөн сарын турш Хиагт хотод үргэлжилсэн Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээнд тасралтгүй оролцож, Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

 

Г.Чагдаржав нь эцгээсээ зөвхөн засаг, гүн зэрэг залгамжилж авсан. Харин тусгаар Монгол улсыг сэргээн тогтооход хүчин зүтгэсэн тул Богд хааны зарлигаар засаг төрийн жүн вангийн хэргэм, өмнө хязгаарын цэргийн хэргийг бүгд захирч, олон монголчуудыг илбэн тохинуулах элдэв хэргийг зүй зохисоор шийтгэж явсан учир 1913 онд зарлигаар чин вангийн зэрэг, гурван улсын гэрээ байгуулахад бүрэн эрх барих сайдын тушаалд  явж, гэрээ байгуулан төгсгөсөн учир үе улиран засаг, хошой чин вангийн зэргээр тус тус шагнагдаж байсан гавьяатай хүн.

 

Түшээт ван шалтгаан тодорхойгүй богино зуур өвчилж байгаад 1915 оны долдугаар сарын 16-нд нас нөгчсөн юм билээ.

-Тэгвэл энэ хүн чинь ардын засгийн газрын Сангийн анхны сайдын алба хашиж байсан Чагдаржав биш хэрэг үү?

-Бишээ. Тэр нь Дамбын Шагдар гэж гэлэн хүн байсан юм билээ. Ардын намын анхны долоогийн нэг. Нэр нэгтэй, бас Сангийн сайдаар ажиллаж байсан зэргээс үүдэн түүх номонд хольж сольж бичсээр ирсэн бололтой.

-Түшээт чин ван Чагдаржавын гол түүхэн гавьяа  юу байв?

-Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтооход голлон зүтгэсэн гавьяатай түүхэн хүн. “Чагдаржав нь бичгийн чадвар сайтай, шинэ зүйлд соргог ханддаг, хэтийдсэн араншингүй хүн байсан” гэж түүхэн дуртгал, ном зохиолд  бичсэн байдаг юм. Магадгүй тийм ч учраас түүнийг Богд хаант Монгол улсын Түр засгийн газрын тэргүүнээр тохоон томилж байсан болов уу. Мөн Сангийн яамны тэргүүн сайдаар ажиллаж байхдаа Манжийн албан гувчуур төлөх явдлыг бүр мөсөн таслан зогсоож, Хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдийн дураар аашлах явдлыг  хязгаарлаж эхэлсний зэрэгцээ шинэ тулгар улсын сан хөмрөгийг арвижуулах зүйл бүрийн арга сэдэж ажиллаж байж. Оросын түүхч Е.М.Даревская “Тэр бол эрүүл ухаантай, дэвшилтэт үзэлтэй нэгэн байсан” гэж зүгээр ч нэг бичээгүй болов уу гэв.

 

1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлагчдын нэг, удирдан зохион байгуулалцсан төрийн түшээ, Монгол улсын Сангийн яамны анхны тэргүүн сайд Г.Чагдаржавын туулсан амьдрал, түүхэн замнал, төрийн хэрэгт оруулсан хувь нэмэр зүтгэлийг нь үнэлэн цэгнэж хэлэлцэхээр “Чагдаржав” сангаас эрхлэн энэ сарын  10-даар эрдэм шинжилгээний бага хурал зохиох гэж байгаа юм байна. Мартаж боломгүй түүх гэж бий, мартаж болохгүй хүн гэж бий. Монгол орны тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд амь биеэ үл хайхран зүтгэж явсан Тэргүүн сайд, түшээт чин ван Г.Чагдаржав бол мартаж болохгүй түүхэн хүн билээ. 

 

 

Ч.Болд

 

/www.inet.mn-с авч ашиглав./

 



2009 оны 12-р сарын 08