Ням
Sep
24
Уран бийрийн эзэд Гэрэл зургийг Ч.Болд


0:00   80%

Уран бийрийн эзэд


Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач П.Балдандорж гуайн “Өвгөдийн үг-өв хөрөнгө, хуучны үг-үнэн хууль” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн өнгөрсөн оны намар Уран зургийн галерейд гарч билээ. Уг үзэсгэлэнг үзэж яваад энэ зургийг харснаас хойш санаанаас гарсангүй. Уран бийрийн эзэд, урчуудын эвлэлийн анхны зүтгэлтнүүдийн дүр төрхийг хадгалж үлдсэн эл зургийн тухай санан санан явсаар саяхан буурал зураачтай уулзлаа.

 

Монголын дүрслэх урлагийн байгууллагын тулгын чулууг тавилцсан анхны зургаан хүний нэг П.Балдандорж гуай өнгөрсөн он жилүүдийн гэрэлтэй сүүдэртэй, эрээнтэй бараантай үйл явдлын гэрчийн хувьд хуучлах түүх ихтэй хүн. Тэрбээр 1943 оны хавар Зураг урлалын газар Д.Чойдог, О.Цэвэгжав нарын дагалдан зураачаар ажилд орж, бийр будагтай нөхөрлөх болсон гэнэ. Арван таван настайдаа урчуудын эвлэлийн босгыг давж орсноос хойш 70 шахам жилийн турш уран бүтээл туурвиж, олон зуун шавь төрүүлсэн буурал зураач эл зургийн тухай дурсан өгүүлэхдээ:

 

-1942 оны арванхоёрдугаар сарын 20-нд Зураг урлалын газрыг байгуулах тухай МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын шийдвэр гарсан юм билээ. Анх таван хүнтэй байгуулагдсан. Дарга бөгөөд уран сайхны удирдагч нь Д.Чойдог багш, О.Цэвэгжав багш ахлах зураач, Д.Лувсанжамц гуай гүйцэтгэгч зураач, мужаанаар Сандуйжав гуай, галч цэвэрлэгчээр Балчикова гэж орос авгай ажиллаж байлаа. Би 1943 оны таван сард дагалдангаар орсон. Тэгэхэд Зураг урлалын газар одоогийн Төв номын сангийн зүүн талд, Чойжин ламын музейн баруун талд таван өрөөтэй ганц дан байшинд байсан.

 

Би анх О.Цэвэгжав багшийн дагалдан болоод голцуу бийр угаадаг ажилтай, үе үе зарлага хийгээд гадуур шогшдог, бас тэгээд 100 төгрөгийн цалинтай мөн ч “сүрхий” хүн байлаа шүү дээ, хэ хэ.

 

Энэ зургийг 1946 онд авахуулсан юмдаг. Ардын хувьсгалын 35 жилийн ойн чимэглэл хийж байсан үе. За, урд эгнээнд: Базаррагчаа, С.Нацагдорж, П.Балдандорж, Цэнд-Аюуш, дунд эгнээнд: Д.Лувсанжамц, Д.Чойдог, Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав, арын эгнээнд: Дашдорж, Шибу, Ц.Жамсран, Ю.Дорж, Шижү байна. Сонин болгож ярихад, энэ зургийг авахуулах үед арын фон болгох зүйл олдохгүй болохоор нь тэр үед зурж байсан маршалын хөрөг зургийг хэвтүүлэн тавьж, наана нь зогсож байгаад авахуулсан юм даг. Зургийг босгоод харвал нуруугаа үүрэн зогсож байгаа хүний зүүн гар, генералын улаан халзтай өмд энэ тэр нь харагддаг юм шүү дээ.

 

Харин энэ зураг дээр байгаа Шибү, Шижү гэж ах дүү хоёр хятад чинь манайд олон жил ажилласан улс. Ах Шижү нь Богд хаант засгийн үеэс л зураачаар ажиллаж байсан юм гэнэ билээ. 1945 онд дүүтэйгээ урдаас орж ирээд, хоёулаа манайд зураачаар ажиллаж байсан. Дүү Шибү нь нэг үе үйлдвэр хоршоонд ч ажиллаж байсан юм даг. Манибадар гуайн хээ угалзны номын гүйцэтгэгч зураач хийж байсан гэж билээ.

 

Монголын дүрслэх урлагийн байгууллагын амьд түүх болсон П.Балдандорж гуай “аливаа хүн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг “гэж хэлэх юм билээ. Учир нь тэрээр 1968 оны долдугаар сард залуу зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргах үүрэг МУЭ-ийн удирдлагаас авсан байна. Тухайн үед Прага хотноо Урлаг үйлдвэрийн дээд сургуульд сурч байсан тэрээр шинэлэг санаатай бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахаар сэтгэл шулуудан хэрэндээ л их хичээж олон сайхан зурагтай үзэсгэлэн дэглэжээ. Гэтэл уг үзэсгэлэнг нээгээд долоо хонож байтал тухайн үеийн МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтсээс хааж, мэргэжлийн уран бүтээлчдийн зөвлөгөөн хийх үүрэг өгсөн гэнэ. Зөвлөгөөн дээр “Социалист эх орныхоо хөгжил цэцэглэлтийг үл тоож, хөрөнгөтний үзэл сурталд автан хийсвэр урлагийг сурталчиллаа” гэж түүнийг донгодон Чехэд сурч байсан сургуулийг нь төгсгөлгүй, гурван жил хойшлуулж, урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд эрхлэгч нэртэй цалингүй ажилд тавьж “хүмүүжүүлж” байсан гэдэг. Тэр цагаас хойш олон жилийн турш үзэл суртлын хувьд эвдэрсэн, найдваргүй этгээдэд тооцогдож явсан тэрбээр “хийсвэр урлагийн төлөөлөгч” нэрнээс салаагүй гэх юм билээ.

 

Монголын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгийг уран бүтээлээрээ баяжуулж ирсэн зураачдын нэг, бийрийн эзэн П.Балдандорж гуай:

-Би үлгэр жишээ бага сургуульд сурч байхдаа зураг зурах их сонирхолтой, Доржсүрэн багшаар Лениний хөргийг шугаманд тааруулан зурахыг анх заалгаж, сайн дүн аваад түүндээ хорхойсон нэг үе бусад хичээлээ ч давтахгүй манаргаж явдаг байлаа. Тэгэхэд эгч маань “Зураг зурж хоолоо олж иддэг хүнийг би л лав мэдэхгүй юм байна” гээд толгой түрүүгүй загнаж, заримдаа ч үе үе зоддогсон. Гэтэл одоо эргээд харж байхад би насаараа л зураг зурж хоолоо олж идлээ шүү дээ. Энэ чинь надад зураг зурах эрдэм зааж өгсөн энэ буянтай багш нарын минь л ач шүү дээ. Би үргэлж багш нараараа бахархаж, шүтэж ирсэн. Одоо ч багш нарыгаа хайрлан дурсаж мөргөж суудаг хүн дээ гэсэн юм.

Ч.Болд


2011 оны 02-р сарын 19