Ням
Nov
19
Улс Тунхагласны Өдөрт зориулсан Гэрэл зургийн уралдааны дүн гарлаа Гэрэл зургийг MPN


0:00   80%

 

          Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол ...

             АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд Улс Тунхагласны Өдөрт зориулсан Гэрэл зургийн уралдааныг Colorado  мужийн Монголчуудын Холбооноос зохион явуулж дүнгээ гаргалаа. Уралдаанд 40 гаруй бүтээл ирснийг америкийн өнцөг буланд бүрт амьдардаг 4 шүүгч онлайнаар шүүж дүнгээ нэгтгэжээ. Энэ уралдааныг шүүлцэх боломж над тохиосон юм. Хүн бүр сэтгэлдээ уран бүтээлч байдаг  хэмээн Францын алдарт гэрэл зурагчин Анри-Карте Брессон нэгэнтээ өгүүлсэн нь буй. Техник технологийн дэвшил өдгөө хүмүүст энэхүү хүн бүр уран бүтээлч байх, эргэн тойрондоо байх найз нөхөд, ээж аав ахан дүүсийнхээ давтагдашгүй хором болоод шулганан жиргэх шувууд, урсан шуугих гол мөрөн, сүрлэг уулс, найган ганхах ой мод, өнгө алаглах цэцэгс, лавсан орох цас, шаагин орох бороо, ер нь юу эсийн тухай сонирхолтойгоор өгүүлэх  боломжийг олгож байгаа билээ. Уралдаанд оролцогчид ямар нэгэн насны ялгаа ангилал үгүй тул зургаан настай балчирхан ч бай гэрэл зураг сонирхдог хүн бүхэн оролцдог, уламжлал болон явагддаг соёлын том арга хэмжээ болон өргөжөөсэй  хэмээн хүсэхийн ялдамд уралдаанд ирсэн бүтээлүүдээс шалгарч сонгогдсон гурван бүтээлд ямар шалгуураар саналаа өгсөн талаар  товчхон өгүүлье

            . Уралдааны тэргүүн байранд Оhio мужийн Dayton хотоос оролцогч Намуун Батын зургийг шүүгчид  санал нэгтэйгээр шалгарууллаа. Зохиомж өгүүлэмж сайтай,  маш бүтээлч хандсан сонирхолтой хөрөг зураг байлаа.Залуу яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Эмэгтэй хүн бол..." шүлэгтээ

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш

Эмзэг нарийхан хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог

Анивчсан, хөөрхөн, зөөлхөн цагаан хүүхнүүд гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд

Амьсгал давчдаад зовлонтой байдаг

Уйдах завгүй, хачин ганцаардалдаа эзэмдүүлж

Урт нарийн хөлтнүүдийн уран нарийн хийцийг

Шагшин гайхаад барахгүй шал дэмий толгой сэгсэрнэ

Олон хаалгатай, олон цоож түлхүүртэй

Оньсон тоглоом юм тэд...

хэмээн эмэгтэй хүний тайлагдашгүй нууцлаг тэр л гоо сайхны тухай шагшин дуулсан тэр л өгүүлэмжийг энэхүү хөрөг зургаараа илрхийлж чадсан санагдсан. Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол бийр бариад юугаа хийнэ хэмээн нэгэн уран бүтээлчийн дуу алдсаныг ч дурдах нь илүүц буйзаа.

            2-р байрт Denver хотоос оролцогч Эрдэнэсүрэн Цогтсайханы зургийг шалгарууллаа. Дэлхийн хаана ч явсан танигдах МОНГОЛ гэдэг бидний төрхийг илтгэж ,  хүний анхаарлыг татах содон сонин дүр төрхийг хайж эрэлхийлж явдаг реклам сурталчилгаачдын нүдэнд өртөхүйц хэмжээний хөрөг болж чадсан учраас энэ бүтээлийн төлөө би  саналаа өгөхдөө өчүүхэн ч тээнэгэлзээгүй.

3-р байрт Dеnver хотоос оролцогч Мишээл Мягмарсүрэнгийн авсан зураг шалгарлаа. Орчлон ертөнц тэр гэж хэлэхийн аргагүй олон өнгөнөөс бүрдэх ба хэн бүхний нүдэнд өдөр бүр харагдаж ижил дасал болсон энгийн зүйлээс тэр нэгэн сонирхолтой өнгө, хэлбэр дүрсийн хослолыг олж харж чадсан тэрхүү билгийн нүдийг үнэлэхгүй байж тэвчээгүй болно. Мөн уралдаанд оролцогч Амгаланбаатар Тодгэрэл / Denver/, Авирмэд Номгон / Denver/ , Энх-Амар Наранчулуун / Denver/ нарын хүмүүсийн олон сайн зургийг үзэхэд таашаалтай байлаа. 

                                                                                                                 Т.Өсөхбаатар / Albany, NY/

 

 



2010 оны 11-р сарын 25